2024.02.12 - 2024.02.16

ОНЦЛОХ ИШЛЭЛ

"Мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт хамгийн

өндөр өгөөжийг өгдөг."

- Бенжамин Франклин

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ

Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өндөр өсөлт үзүүллээ. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 45,024.1 нэгжид хүрч 4.87%-ийн өсөлттэй хаагдлаа. Зах зээл өндөр өсөлтийг үзүүлэхэд томоохон хувьцаат компаниудын тайлан нийтлэгдэж хувьцаа эзэмшигчдэдээ 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилахаа зарласан нь гол эерэг нөлөөг үзүүллээ. Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 онд урьдчилсан гүйцэтгэлээр 7.0%-ийн өсөлттэй гарлаа. Тодруулбал, ДНБ 2015 оны зэрэгцүүлэх үнээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.0 (7.0%) их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарлаа.


АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ

АНУ-ын 2024 оны 1-р сарын суурь инфляцын түвшин өөрчлөлтгүй буюу 3.9%-д хэвээр хадгалагдсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад сөргөөр нөлөөллөө. Мягмар гараг буюу 2024 оны 1-р сарын инфляцын түвшин мэдээлэгдсэн өдөр S&P 500 индекс 2023 оны 6-р сараас хойших хамгийн өндөр 1 өдрийн уналтыг үзүүллээ. Хувьцаануудыг салбараар нь ангилбал технологийн салбарын хувьцаанууд бусдаасаа өндөр уналттай байлаа. Холбооны нөөцийн сан 2024 оны 3-р сард бодлогын хүүг бууруулах магадлал CME FedWatch Tool.-ийн судалгаагаар 10.5% байна. Бидний хувьд Холбооны нөөцийн санг 2024 оны 6-р сард болох хурлаар бодлогын хүүгээ 0.25%-иар бууруулна гэх хүлээлттэй байна.


ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ 

Евро бүсийн инфляцын түвшний бууралт болон хүүгийн түвшин эрт буурах хүлээлт өндөр байгаагийн улмаас Европын зах зээлийн хувьцаанууд өнгөрөгч 7 хоногт өсөлттэй хаагдлаа. Тодруулбал, STOXX Europe 600 индекс 1.39%, UK's FTSE 100 индекс 1.84% тус тус өсөлттэй хаагдлаа. Их Британийн 2023 оны 4-р улирлын Дотоодын нийт бүтээгдэхүүн улирлын өмнөх үеэс 0.3% агшсан үзүүлэлттэй гарлаа. Улмаар тус улсын эдийн засаг 2 улирал дараалж агшиж байгаа ба эдийн засгийн хямралд өртлөө. (2023 оны 3-р улиралд ДНБ 0.1%-иар агшсан үзүүлэлттэй гарсан юм.)


ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ 

Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 4.3%, TOPIX индекс 2.6%-ийн тус тус өсөлттэй хаагдлаа. Зах зээлийн өсөлтөд иений ханшийн сулрал болон хувьцаат компаниудын 2023 оны тайлан сайн гарсан нь голлон нөлөөллөө. Япон улсын төв банк инфляцын түвшнийг тогтворжуулах, эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлогын хүрээнд Мөнгөний хэт зөөлөн бодлого баримталсаар байгаа билээ. Тодруулбал, бодлогын хүүг -0.1%, 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжийн дээд хязгаарыг 1.0%-д хэвээр хадгалах шийдвэрийг баримталж байна. Үүний нөлөөллөөс үүдэн иений ханш ам.долларын эсрэг өнгөрөгч 7 хоногт үргэлжлэн суларлаа. 1 ам.доллар 150 иентэй тэнцэж арилжаалагдаж байна.


БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ 

БНХАУ-ын сар шинийн баяр 2-р сарын 10-д эхэлсэн ба тус улсын санхүүгийн зах зээл сар шинийн баярыг тохиолдуулан өнгөрөгч 7 хоногт ажилласангүй. Сар шинийн баяр нь аялал жуулчлал болон худалдан авалтыг огцом дэмжиж өгдөг тул шинжээчид 2024 оны 2-р сард эдийн засгийн идэвхжилийг илэрхийлэх үзүүлэлтүүд өндөр гарна гэх эерэг хүлээлттэй байна. БНХАУ-ын санхүүгийн зах зээл 2-р сарын 19-өөс эхлэн хэвийн ажиллаж эхэлнэ.

Дэлгэрэнгүй

2024 оны 2 сарын 19-ний байдлаар нийт 19 компани ногдол ашиг хуваарилахаар болсон байна. Дараах зурагт ногдол ашгийн өгөөж хамгийн өндөр 5 компанийн мэдээллийг үзүүллээ.

БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ

  1. АНУ-ын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж өсөж 4.28%-д хүрлээ. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)
  2. Япон улсын 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 0.73%-д хэвээр хадгалагдлаа. Тус улсын төв банк 10 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөжөө 1.0%-иас дээш гаргахгүй байх бодлого баримталж байна.
Дэлгэрэнгүй

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ

“ХААН БАНК” ХК 2023 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

 2024.02.16 


“Хаан банк" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашиг болох 558,782,869,011 төгрөгийн 48.5% буюу 271,015,822,540 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.


Нэгж хувьцаа тус бүрд 141.73 төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Дэлгэрэнгүй

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

 2024.02.16 


“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн аудитын өмнөх санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашиг болох 8,699,165,845 төгрөгөөс нийт 4,349,252,518.99 төгрөгийг, нэгж хувьцаанд 12 төгрөг 41 мөнгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.


Дэлгэрэнгүй

ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЭЭ

ЯПОН УЛСЫН ДНБ 2 УЛИРАЛ ДАРААЛАН АГШИВ

 2024.02.15 


Дотоодын сул эрэлтийн улмаас Япон улсын эдийн засаг хоёр дахь улиралдаа дараалан агшиж, албан ёсоор уналтын бүсэд орсон нь шинжээчдийн таамгаас зөрсөн үйл явдал болов. Дэлхийн гурав дахь том эдийн засагтай орны байр сууриа өнгөрсөн онд ХБНГУ-д алдаад байсан тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн улиралд жилийн дүнгээр 0.4 хувиар буурсан байна.

Дэлгэрэнгүй

АНУ-ын ИНФЛЯЦ ЭРГЭН ЭРЧИМЖСЭН НЬ ХОЛБООНЫ НӨӨЦИЙН БАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ БУУРУУЛАХ МАГАДЛАЛЫГ БУУРУУЛАВ

 2024.02.14 


АНУ-ын суурь инфляц оны эхний сард сүүлийн найман сард байгаагүй өндөр дүнгээр эрчимжлээ. Тухайлбал: АНУ-ын инфляц 0.4 хувиар эрчимжиж, шинжээчдийн хүлээлтээс давав. Ингэснээр Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ ойрын хугацаанд бууруулах магадлал буурч байна.

Дэлгэрэнгүй